images

“Korean Air”, "Asiana Airlines" компанийн ажилчид Багануур дүүрэгт мод тарьж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-05-26


   Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Korean Air”, “Asiana Airlines” компанийн ажилчид Багануур дүүрэг дэх “Korean Air Forest” төгөлдөө мод тарих, өмнө нь тарьсан модоо арчлахаар ирээд байна. Тэд нийтдээ 14 хоногийн хугацаанд хоёр ээлжээр ажиллах юм. Korean Air” компанийн толгой “Hanjin” групп “Asiana Airlines” компанийг энэ жил өөртөө нэгтгэх гэж байгаа бөгөөд одоогоос сар гаруйн өмнө хоёр компани хамтран Монголд мод тарихаа зарласан юм. Улмаар "Korean Air" компанийн ажилтнууд "Asiana Airlines" компанийн, "Asiana Airlines" компанийн ажилчид "Korean Air" компанийн нислэгээр Монголд иржээ. Энэ нь хоёр компанийн ажилчдыг ойр дотно болгох зорилготой зохион байгуулалт аж. Энэ удаа хоёр компанийн нийт 260 ажилтан ирсэн байна. Hanjin” групп анх 2004 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Багануур дүүргийн иргэдийг Монголын хамгийн том нүүрсний ил уурхайн тоосноос хамгаалахын тулд “Korean Air Forest” төслийг эхлүүлсэн түүхтэй. Улмаар жил бүр 100-200 ажилтан ирж мод тарьдаг байсан ч цар тахлын улмаас дөрвөн жил завсарлаад өнгөрсөн оны тавдугаар сард 112-уулаа ирж мод тарин 20 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Одоогоор тэд хоёр км урт, 222 метр өргөн төгөлдөө улиас, чацарганын мод, сибирь хайлаас зэрэг 12 зүйлийн 125300 мод тариад байна. Мөн энэ жил Багануур дүүргийн "Гүн галуутай", "Боловсрол", "Оюуны эрин" сургуулийн багачуудад солонгос, англи хэл, нисэхийн инженерийн мэргэжлийн сургалт орсон юм. Түүгээр зогсохгүй ирэх Эх үрсийн баярыг угтан "Korean Air Forest" төгөлдөө хүүхдийн тоглоомын талбай барьж, төгөлд дунд багачууд чөлөөтэй тоглож цэнгэх орчныг бүрдүүлжээ.

Эх сурвалж: “The Korea Herald” сонин.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.